Технологийн хурдацтай хөгжлөөс үүдэн санхүүгийн систем өдөр хоногоор өөрчлөгдөн хувьсаж уламжлалт санхүүгийн институцүүд хүртэл финтек шилжилтэд өртөөд байна. Дэлхий даяар тархсан Ковид 19-н нөлөө финтекийн хөгжлийг хурдасгаж зах зээлд хүчтэй таниулж үйлдвэрлэгч нар ч зах зээлийн энэ өөрчлөлтөд нийцүүлж өөрсдийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх шаардлагатай тулгарав. Харин финтекийн хөгжил гэдэг хайхрахгүй орхиж болох асуудал биш юм.
Финтекийн салбарын цаашдын хөгжил нь дэлхийн санхүүгийн систем ямар байхыг улмаар дэлхийн эдийн засгийн өсөлтийг хэр хэмжээнд аваачих үүнийг дагаж гарч болзошгүй сөрөг нөлөөллүүд, эрсдлүүд юу байж болох, тэдгээрээс хэрхэн сэргийлэх талаар зайлшгүй анхаарах ёстой, шийдэх, урьдчилан бэлдэх шаардлагатай байна.
Монгол улсын хувьд цаг хугацаа, зардал хэмнэсэн олон давуу талтай энэхүү салбар нь хөгжлийнхөө эхэн шатанд явж байна. Тийм учраас Монгол улс дахь финтек салбарын байгууллагууд нэгдэж хууль, эрх зүй, зохицуулалтын орчны хувьд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, нэгдсэн нэг дуу хоолойтой болох, хамтарч салбарын хөгжилд анхаарах, хэрэглэгчдээ бэлдэх зорилго бүхий нэгдсэн холбоо байгуулж, үйл ажиллагаа явуулах шаардлага үүсээд байгаа юм.