ДЭЛХИЙН ФИНТЕК САЛБАРЫН АМЖИЛТЫН ТҮҮХҮҮД
1.Paypal
Үүсгэн байгуулалт: Paypal vs. Elon Musk?
Түүхэн факт: PayPal компани нь анх “Confinity Inc.” нэртэйгээр 1998 онд Ken Howery, Luke Nosek, Max Levchin, Peter Thiel нараар үүсгэн байгуулагдсан билээ. Харин бидний сайн мэдэх цахилгаан машины компани Тесла, сансрын хөлгийн үйлдвэр SpaceX компани нарын үүсгэн байгуулагч Элон Маск нь 1990-ээд оны сүүлээр өөрийн X.com хэмээх цахим төлбөрийн үйлчилгээ үзүүлдэг старт-апыг эхлүүлээд байж л дээ. Тухайн үед Confinity, X.com хоёр бүр нэг барилга дотор оффис түрээсэлж үйл ажиллагаагаа явуулдаг байсан бөгөөд тэдний инженерүүд өдөрт 20-оос багагүй цагийг оффис дээрээ өнгөрүүлэн маш ширүүн өрсөлдөж байлаа. Гэвч өрсөлдөх нь аль аль компанид асар их зардалтай байсан тул 1999 онд Confinity, X.com нар нь PayPal нэр дор нэгдэж, 2000 оны 10-р сард PayPal компани анх удаа олон нийтэд үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн юм. Тэд эхэндээ түлхүү и-мэйлээр хэрэглэгчдээ татаж, 5$, 10$, 20$-ын бүртгэлийн хураамжаар орлого олдог байв.
Эхэн үеийн огцом өсөлт: 2000 онд PayPal компани нь өдөрт дунджаар 10%-иар өссөөр 2000 оны зун гэхэд тэдний хэрэглэгчдийн тоо 1 саяас 5 сая хүртэл өсчээ. Үүсгэн байгуулагдсан эхний жилдээ яаж ийм хурдтай өсөлтөд хүрч чадсан бэ гэж үү? Тэд “referrals” хэмээх бонус санал болгодог байж гэнэ. Referrals гэдэг нь ерөнхийдөө одоо байгаа хэрэглэгчиддээ “найздаа санал болгоод 30% хөнгөлөлт эдлээрэй” гэсэн төрлийн урамшуулал олгох маркетингийн үйл ажиллагааг хэлдэг байна. Харин PayPal эхэн үедээ энэхүү referrals маркетингийн аргыг хөнгөлөлт, урамшуулал олгох байдлаар ашиглахаас гадна “хэтрүүлэн” ашигладаг байжээ. Хэрэглэгч ердөө и-мэйл хаяг, кредит картаа бүртгүүлэхэд л дансанд нь PayPal-аас мөнгө байршуулж өгдөг байв. PayPal-ийн хэрэглэгч болж бүртгүүлснийхээ төлөө шууд л бодит мөнгөн “шагнал” хүртэж байна гэсэн үг. Өөрөө бүртгүүлээд 10$ ав, найзаа уриад дахиад 10$ ав. Элон Маскийн хэлж буйгаар компани нь ганцхан referrals-д нийт 60 орчим сая ам.долларыг зарцуулсан байна. Энэхүү зарчмын ачаар хэрэглэгчдийн тоо өсөх тусам зардал нь бүр ч их өсч байсан тул хангалттай их хэрэглэгч татсаны дараа бага багаар урамшууллынхаа дүнг бууруулсаар, эцэст нь referrals үйлчилгээгээ намдаасан байна.
Гайхмаар факт: 1999 онд PayPal нь оны хамгийн муу бизнесийн 10 санааны нэгээр сонгогдож байжээ.
Сонирхолтой нь: Элон Маск нь PayPal-ийн CEO буюу Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байхдаа тус албан тушаалын үүргээ хангалттай үр ашигтай, чанартай түвшинд гүйцэтгэж чадаагүйн улмаас түүнийг эхнэртэйгээ бал сарын аялалд явсан хойгуур нь компанийн ажилчид нь хуйвалдаж, Confinity-гийн үүсгэн байгуулагчдын нэг Peter Thiel-г CEO-гоор томилсон байв. Гэсэн ч Элон Маск PayPal компанийг бүтээн босголцсон зуу зуун өндөр мэдлэг чадвартай код бичээч, инженерүүдийн багийг бүрдүүлсэн албан ёсны үүсгэн байгуулагчдын нэг мөнөөс мөн бөгөөд энэ тохиолдлоос хойш ч тэрбээр өс саналгүй, компанийн итгэлт зөвлөх хэвээр үлдэж PayPal-д олон сая ам.долларыг хөрөнгө оруулсаар байжээ. Одоо ч PayPal-н удирдах түвшний албан тушаалтнууд, ажилчид, мөн хараат бус санхүүгийн шинжээчдийн хэлж байгаагаар хэрэв Элон Маск ахиад 6 сар л үргэлжлүүлэн гүйцэтгэх захирлаар ажилласан бол түүний тухайн үеийн туршлага бага, түрэмгий шийдвэрүүдээс болж PayPal дампуурах магадлал өндөр байжээ.
Өсөлт: Ebay-д худалдагдсан нь
Түүхэн факт: 2000-аад оноос тэд eBay хэмээх цахим худалдааны компанитай хамтарч ажилласнаар PayPal-д бүртгэлтэй дансдын тоо 100,000 хүрсэн юм. Ингээд 2002 онд PayPal компани нь IPO (Initial Public Offering) хийж олон нийтэд хувьцаагаа санал болгон нээлттэй компани болов. Тус онд PayPal-ийн хувьцааны үнэлгээ NASDAQ-ийн хөрөнгийн зах зээлд 55%-иар өсч, оны хамгийн өндөр өсөлттэй шинэ компаниар тодоржээ.
eBay-ийн амдалт: 2000-аад оноос хойш л eBay компани PayPal-г худалдан авах талаар яриа эхлээд байж. Тэр үед PayPal-ийн жилийн орлого 240 сая ам.доллар байсан ба хүн бүхэн “Яг одоо л зар” гэж давшиж байсан бол Элон Маск хүлээх зөвлөгөө өгсөөр байлаа. Ийнхүү Элоны зөвлөгөөг дагаж, 2002 оны 7-р сард PayPal компани маань eBay-д 1.5 тэрбум ам.доллароор худалдагдаж, тэд eBay-ийн албан ёсны төлбөр тооцооны үйлчилгээг хангагч болсон юм. eBay нь тухайн үед хамгийн их үйлчлүүлэгчийн тоотой цахим талбаруудын нэг байсан тул тус компанийн албан ёсны төлбөр тооцооны хэрэгслийг хангасан 12 жилийнхээ туршид PayPal аюулгүй, хурдан, хялбар үйлчилгээ гэдгээрээ олонд илүү танигдаж, eBay шиг том компанитай хийсэн түншлэл нь тэдний нэр хүндийг өсгөж чадсан ухаалаг шийдвэр байсан юм.
Өргөжүүлэлт: PayPal нь 2005 онд үйлчилгээний аюулгүй байдлаа бэхжүүлэх зорилгоор төлбөрийн шийдэл санал болгодог VeriSign, 2008 онд төлбөрөө хойшлуулах боломжийг бий болгосон Bill Me Later, 2013 онд төлбөр тооцооны Braintree ба дижитал хэтэвч санал болгодог Venmo зэрэг компаниудыг тус тус худалдан авч, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байлаа. Түүнчлэн 2013 онд тэд PayPal-тай хамтран ажилладаг бизнесүүдэд хурдан, хялбар аргаар капитал босгох боломжийг олгодог PayPal Working Capital үйлчилгээгээ санал болгож эхэлсэн билээ.
Шинэ үе: eBay-ийг орхивол...
Түүхэн факт: 2014 онд Carl Icahn хэмээх активист ба Paypal-ийн хөрөнгө оруулагч Paypal компанийг eBay-ийн эзэмшлээс гарч, дахин бие даасан нээлттэй компани болох хэрэгтэй гэсэн асар өргөн хүрээний олон нийтийг хамарсан хөдөлгөөн эхлүүлсэн юм. Тэрбээр хэлэхдээ Paypal бие даасан компани болсноороо илүү хурдтай өсөж, илүү үнэ цэнтэй үйлчилгээг нийгэмд хүргэж чадна гэж итгэж байв. Ийнхүү 2014 оны 7-р сард Paypal албан ёсоор дахин бие даасан, нээлттэй компани болсон юм.
Сонирхолтой нь: Paypal толгой компани eBay-ээс салсны дараа Paypal-ийн зах зээлийн үнэ цэнэ 49 тэрбум ам.доллар хүрч, eBay-ийн зах зээлийн үнэлгээг ч хол давжээ. Үүнээс гадна Paypal компанийн орлого даруй 16%-иар өсөж, тэдний хэрэглэгчдийн нийт гүйлгээний тоо 20%-иар нэмэгдсэн байна.
Илүү их өргөжүүлэлт: Үүнээс хойш тэд 2015 онд Xoom хэмээх мөнгөн шилжүүлгийн технологийн компанийг 890 сая ам.доллароор, Paydiant компанийг 280 сая ам.доллароор тус тус худалдан авчээ.
Амжилт: Дэлхийг хамрах нь
Түүхэн факт: Paypal компани 2016 онд дэлхийн хамгийн том олон улсын төлбөр тооцооны технологи бүхий Visa Inc. компанитай албан ёсны хамтран ажиллах гэрээг байгуулжээ. Үүнээс хойш Bank of America, Banorte, Barclays, Citi, HSBC, JPMorgan Chase, ShinhanCard, Wells Fargo гэх мэт тэргүүлэгч банкууд, түүнчлэн American Express, Discover, Mastercard гэх мэт картын сүлжээ үйлчилгээ үзүүлдэг компаниуд, мөн FIS, Paymentus, Synchrony зэрэг санхүүгийн компаниуд гэх мэт нийт 40 гаруй стратегийн хамтрагчидтай болж чадсан аж.
Байгаа оносон нь: PayPal-ийн амжилтын хамгийн том нууцуудын нэг бол тэд цахим тоглоомчдын ертөнц рүү нэвтэрсэн явдал билээ. Тэд онлайн казино, мөрийтэй тоглоомын хэрэглэгчдийн улс хоорондын шилжүүлгийг шуурхай, амар хялбар аргаар шийдэж өгч, Playstation, Xbox болон гар утасны онлайн тоглоомчдын төлбөрийн процессийг ч хялбарлчилж өгсөн юм.
Сүүлийн 5 жилд: Paypal компанид 2017 онд Swift Financial, 2018 онд Hyperwallet, iZettle, Simility нар нэгдэж, Paypal-ийн үйлчилгээнд бизнесийн санхүүгийн шийдэл, ногдол ашгийн төлбөр, гар утасны борлуулалтын суваг болон эрсдэлийн удирдлагын үйлчилгээнүүдийг нэмсэн юм. 2019 онд Paypal компани нь БНХАУ-д үйлчилгээгээ нэвтрүүлэх зөвшөөрөл авсан хамгийн анхны гадаадын төлбөр тооцооны платформ болжээ. Ингээд өнгөрөгч 2020 онд Honey финтек нь Paypal-д нэгдэхээс гадна тус онд Paypal компани нь өнгөт арьстан болон бусад нийгмийн цөөнх бүлгүүдийн бизнесүүдэд 535 сая ам.долларын тусламж үзүүлэхээ зарлаж, коронавирус цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн тэгш бус байдлыг бууруулах нийгмийн хариуцлагаа биелүүлжээ. 2020 онд PayPal компанийн үнэлгээ 159.3 тэрбум ам.доллар хүрээд байгаа бөгөөд 202 улсад 25 валютаар гүйлгээ хийх боломж олгодог PayPal-д өнөөдөр дэлхий даяар нийт бүртгэлтэй 325 сая данс байдаг байна.
PayPal-ын ажилчдын үүсгэн байгуулсан компаниуд:
PayPal-д ажиллаж байсан чадварлаг мэргэжилтнүүд тус компанид ажиллахаа больж, дэлхийд алдартай өөр цахим талбар бүхий компаниудын үүсгэн байгуулагчид болсон билээ. Тэдгээрээс дурьдвал:
-
YouTube - Chad Hurley, Steve Chen, Jawed Karim
-
Linked In - Reid Hoffman
-
Tesla - Elon Musk
-
Yelp - Russel Simmons, Jeremy Stoppleman
2. Ant Group
Үүсгэн байгуулалт
Түүхэн факт: Өмнө нь Ant Financial нэрээрээ алдаршаад байсан Ant Group-ийг 2014 оны 10-р сарын 16-нд БНХАУ-ын алдарт энтрепренер Jack Ma албан ёсоор үүсгэн байгуулсан. Гэвч үүнээс өмнө 2003 онд Жэк Магийн цахим худалдааны Alibaba компани нь Taobao хэмээх онлайн худалдааны вебсайтаа бүтээж, харин 2004 онд Alipay хэмээх төлбөр тооцооны платформыг Taobao-ын албан ёсны төлбөрийн шийдэл болгох зорилгоор бий болгосон байна. Ерөнхийдөө eBay-н албан ёсны төлбөрийн хэрэгсэл PayPal байсантай зарчмын хувьд ижил гэсэн үг. Ant Group нь 2014 онд Taobao-аас салж бие даасан компани болсон бөгөөд тэд тэрхүү Alipay гэх төлбөр тооцооны талбарын үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хариуцан явуулж байгаа билээ.
Alipay-ээс шинэ Ant Group-ийг босгосон нь
Нууц жор: Ant Group-ийн амжилтын хамгийн чухал жор бол тэдний олон төрлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд нь Alipay хэмээх “third-party” буюу гуравдагч этгээд бүхий төлбөр тооцооны платформ хэмээх бизнес модел дээр суурилан боссон явдал юм. Taobao-д бүртгэлтэй хэрэглэгчдийн бүх санхүүгийн дата Alipay бүрэн ашиглах боломжтой байсан нь тодорхой. Ийнхүү тэд аль хэдийн бүрдсэн асар том хэрэглэгчдийн датаг ашиглан даатгал, хөрөнгийн удирдлага, мөнгөний зах зэрэг бусад бүтээгдэхүүнүүдээ босгосон юм.
Даатгал, хөрөнгийн удирдлага: Ant-ийн даатгалын зах бүхий талбарт нийт 400 сая хэрэглэгчид үйлчилдэг 80 даатгалын компанийг нэгдсэн байдаг. Харин Ant Fortune хэмээх хөрөнгийн удирдлагын (asset management) талбар нь хөрөнгийн удирдлагын үйчилгээ болон тэтгэврийн төлөвлөлтийг олон нийтэд хүртээмжтэй болгож өгч, өнөөдөр БНХАУ-ын нийт 116 хамтын сангийн менежерүүд бүгд Ant Fortune платформд нэгдэж 180 сая хэрэглэгчид хүрч ажилладаг байна. Тус талбарын алгоритм нь хэрэглэгчийн санхүүгийн өнөөгийн байдал болон зорилтуудад тулгуурлан тохиромжтой сангуудыг санал болгодгоороо өмнө нь жирийн ард иргэдийг хөрөнгө оруулалтаас зайлсхийхэд хүргэдэг байсан санхүүгийн боловсролын тэгш бус байдлыг устгасан юм.
Мөнгөний захын сан: Ant Group-ийн хамт олон аль хэдийн Alipay-д бүртгэлтэй хэрэглэгчдийн Alipay дижитал хэтэвчин дэхь үлдэгдэл мөнгөн дүнгийн датаг ашиглан хэрэглэгчдээ Yue Bao хэмээх мөнгөний захын сандаа татсан билээ. Тэд хэтэвчиндээ эерэг үлдэгдэлтэй байгаа бүх хэрэглэгчидтэй холбогдон тэдэнд мөнгөний захын сангийн ашиг тусын мэдлэг олгож, данс нээлгэх урилга илгээсэн. Тус сангийн Yue Bao гэх нэр нь хятад хэлнээ “үлдэгдэл эрдэнэс” гэсэн утгатай аж. Тэд хэрэглэгчдэд дансаа 1 юаниар ч нээх боломжийг бий болгож өгснөөрөө мөнгөний захын санд хөрөнгө оруулах явцыг нь хөнгөвчилж чаджээ. Yue Bao сан нь өнөөдөр 251 тэрбум ам.долларын бүхий дэлхийн хамгийн том мөнгөний захын санд тооцогддог байна.
Өнөөдрийн Ant Group
Амжилт: Ant Group нь платформ (худалдагч, худалдан авагч хоёр талыг холбогч) ба шугаман (бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчдэд шууд санал болгогч) бизнес моделуудыг хослуулан өнөөгийн амжилтандаа хүрсэн. 2019 онд Ant Group-ийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг ашиглан нийт 15 их наяд ам.долларын гүйлгээ хийгдсэн бөгөөд энэ нь Mastercard-ын 6.5 их наяд ам.доллароос 2 дахин их, мөн Европын Холбооны нийт ДНБ болох 18.3 их наяд ам.доллартой дөхөхүйц дүн аж. Харин тэдний голлох бүтээгдэхүүн болох Alipay нь нийт 870 идэхтэй хэрэглэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
3. Republic
Үүсгэн байгуулалт
Түүхэн факт: Republic хэмээх хөрөнгө оруулалтын финтек компани нь 2016 онд байгуулагджээ. Republic компанийг AngelList хэмээх АНУ-гийн хамгийн том хаалттай хөрөнгө оруулалтын платформын хуучин гишүүд нэгдэн байгуулсан байна.
Зохицуулалтын дэмжлэг: Тэдний үүсгэн байгуулалт нь 2016 оны 5-р сард АНУ-гийн SEC буюу Securities and Exchange Commission /Үнэт Цаас, Арилжааны Хороо/-ноос баталсан Regulation CF буюу “Title III of the JOBS Act” хэмээх зохицуулалтын журамтай шууд холбоотой аж. Тус журам нь хаалттай компанийн энтрепренерүүдийг анх удаа албан ёсоор итгэмжлэгдээгүй хөрөнгө оруулагчид буюу олон нийтээс хөрөнгө оруулалт босгох боломжийг олгосон юм. Үүнээс өмнө хаалттай зах зээлүүд нь ердөө хүн амын хамгийн чинээлэг 3%-д л нээлттэй байв.
Зохицуулалтын хязгаарлалт: Гэвч SEC-гээс тогтоосон журмын дагуу Title III үнэт цаасны crowdfunding санхүүжилт нь нэг удаагийн 12 сарын туршид хамгийн ихдээ 1,070,000 ам.доллар босгох хязгаарлалттай байдаг байна.
Давуу тал
Яаж: Republic компанийн хамгийн том давуу тал нь өмнө нь ямар ч хөрөнгө оруулалтанд оролцож байсан түүхгүй, туршлагагүй хүмүүс ч Republic-д ямар ч төлбөр, шимтгэл төлөлгүйгээр, хувьцааг нь эзэмшихийг хүсдэг, дэмждэг хаалттай компаниуддаа хамгийн багадаа 50 ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломжийг бий болгосон явдал билээ. Харин санхүүжилт босгох хүсэлтэй компаниуд (C-Corporation болон Хязгаарлагдмал Хариуцлагатай Компаниуд) зөвхөн зорилтот санхүүжилтэндээ хүрч чадсан тохиолдолд л нийт хөрөнгө оруулалтынхаа 6%-ийг бэлэн мөнгөөр, 2%-ийг Crowd Safe-нд байршуулдаг байна.
Тэгш бус байдлыг бууруулах зорилт: Үүнээс гадна тэдний зорилго нь орлогын хэмжээ, хүйс, улс үндэс, шашин гарал үүсэл хамааралгүй хэн бүхэн хэн бүхнээс хөрөнгө оруулалт босгох эрхийг эдлэх ёстой гэсэн зарчимд суурилжээ. Crunchbase-ийн судалгааны үр дүнд нийт венчур капиталын санхүүжилтийн ердөө 1% нь л өнгөт арьстай үүсгэн байгуулагчтай стартапуудад очдог байна. Түүнчлэн Fortune-аас 2018 онд гаргасан судалгаанд эмэгтэй энтрепренерүүдийн стартапууд нийт хөрөнгө оруулалтын ердөө 2.2%-г татсан харамсалтай үзүүлэлт гарч байжээ.
Өсөлт
Хүртээмжээ тэлсэн нь: Republic компани нь олон нийтээс шууд хөрөнгө оруулалт босгох боломж олгодог “crowdfunding” үйлчилгээг 750,000 гаруй хэрэглэгчдэд хүртээмжтэй болгож, тэр дундаа олон хаалттай компаниуд, стартапууд, мөн венчур капиталын компаниудад хөрөнгө оруулалт босгоход нь тусалсан байна. Доорхи графикт харуулсанчлан 2019 оны 1-р сараас 2020 оны 1-р сарын хооронд тэдний тусламжтайгаар боссон нийт санхүүжилтийн хэмжээ 10 гаруй саяас 200 сая давах хүртлээ өссөн байна. Одоогоор Republic-аар дамжуулан Элон Маскийн сансрын хөлөг онгоц үйлдвэрлэгч SpaceX компани нь 2,350,000 ам.доллар, 2020-2021 онуудад хөрөнгө оруулалтын салбарыг шуугиулаад байгаа Robinhood компани 11,200,000 ам.доллар, үйлдлийн системийн Carta компани 13,700,000 ам. доллар, барилгын технологийн шийдлийн Equipment Share компани нь 66,500,000 ам. доллар гэх мэт санхүүжилтүүдийг босгоод байгаа аж.
Эх сурвалж:
-
The Success Story of The Biggest Online Payment System {PayPal} (playnpay.co.uk)
-
The Success Story of PayPal [Infographic from Play-N-Pay] | Chargeback
-
“Elon Musk: Tesla, SpaceX, and the Quest for a Fantastic Future” by Ashlee Vance
-
Top Fintech Companies & Startups in 2021 (businessinsider.com)
-
How Did PayPal Become One of the World’s Favoured Payment Systems? (swlondoner.co.uk)
-
How Ant Financial Became the Largest Fintech in the World (applicoinc.com)
-
Rise of Ant Financial, will the success story continue? - Blogs - Televisory
-
Republic CEO on Four Years of Equity Crowdfunding - Early Investing