НЭЭЛТТЭЙ БАНК МОНГОЛД
Нээлттэй Банк гэж юу вэ?
2016 оны Competition and Markets Authority-н тайланд шинээр үйл ажиллагаа эхэлж буй эсвэл жижиг банк, санхүүгийн байгууллагууд зах зээлд нэвтэрч, байр сууриа олохдоо олон бэрхшээлтэй асуудалтай нүүр тулдаг тул аль хэдийн байр сууриа эзэлсэн, туршлагатай банкнууд болон тэдгээрийн хоорондох өрсөлдөөн тэгш бус байгааг тогтоожээ. Улмаар үйлчлүүлэгчид мөнгө болон санхүүгийн мэдээллийн талаар хяналт болон сонголт хийх боломж багатай болжээ. Харин нээлттэй банк бол үүнийг шийдвэрлэх зорилготой систем юм. Энэ нь компаниудад өөр өөр, шинэлэг үйлчилгээ авахад хялбар болгох үүднээс гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгч (Third-party service providers TPPs)-д хэрэглээний програмчлалын интерфэйсээр (API, Application Programming Interfaces) дамжуулан хэрэглэгчийн санхүүгийн мэдээллүүдэд нэвтрэх эрх өгдөг аж.
Нээлттэй Банк нь хэрхэн ажилладаг вэ?
Нээлттэй банк нь API ашиглан харилцагчид банкнаас өөрсдийн зөвшөөрөлтэйгөөр гуравдагч талын дурын программ эсвэл аппликейшн рүү санхүүгийн мэдээллээ шилжүүлэх боломжийг олгодог. Гуравдагч этгээд нь харилцагчийн хуваалцсан мэдээллийг ашиглан хэрэглэгчийн данс, гүйлгээний түүхэд харьцуулалт шинжилгээ хийх, маркетингийн профайл үүсгэх, шинэ гүйлгээ хийх, дансны өөрчлөлт хийх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх боломжтой.
Нээлттэй банкын давуу тал
Нээлттэй банк нь өргөн хүрээний ашиг тустай, үүнд:
-
Санхүү, төлбөрийн үйлчилгээг хурдан шуурхай хүртэх боломж
-
Хувь хүнд тусгайлан зориулсан болон түүнд таарсан бүтээгдэхүүн, үйлчилгээ авах
-
Мэдээлэл ашиглалтын аюулгүй болон ил тод байдал
-
Хурдан шуурхай зээл, санхүүжилт авах
-
Хувийн санхүүгээ хянаж, сайжруулах
-
Санал үйлчилгээг илүү ил тод байдлаар авах боломжтой
Нээлттэй банкын анхаарах асуудал
Хэдийгээр хэрэглэгчдэд болон албан байгууллагуудад олон давуу тал үзүүлдэг ч, Нээлттэй Банкийг өдөр тутмын өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд хэд хэдэн асуудалтай нүүр тулдаг.
-
Аюулгүй байдлын эрсдэл ба хэрэглэгчийн мэдээллийн нууцлал нь эхний анхаарах зүйл юм. World Economic Forum харилцагчдын болон албан байгууллагуудын Нээлттэй Банкнаас татгалзах гол шалтгаан нь итгэл дутмаг байдал хэмээн тодорхойлжээ.
-
Хэрэглэгчийн хэн гэдгийг баталгаажуулах хэрэгсэл. Систем хөгжүүлэгчид хэрэглэгчээс мэдээллийг нь хуваалцах зөвшөөрөл авахдаа тухайн хүнийг таньж баталгаажуулах найдвартай арга олох хэрэгтэй.
Мөрдөх стандартын дутмаг байдал. Нээлттэй банкны системийг хөгжүүлэх, ажиллуулах явцад дагаж мөрдөх техникийн болон хууль эрх зүйн стандарт байдаггүй.Нээлттэй банк дэлхий дахинд
Нээлттэй банкны зах зээл хурдацтай хөгжихийн зэрэгцээ банк санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглээг төдий чинээ өөрчилж байна. 2018 оны Applied Market судалгааны тайланд 2019 оноос 2026 он хүртэл 24.4 хувиар өсөж зах зээлийн үнэлгээ нь 43 тэрбум доллароос давна гэж таамаглажээ. Их Британи нь 2021 оны эцсээр 12 сарын дотор Нээлттэй банкны төлбөр тооцоог 500%-иар өсгөж, Нээлттэй банкны системийн тэргүүн эгнээнд бичигдэж байна. Бусад олон улс (АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Мексик, Энэтхэг, Өмнөд Солонгос, Хонг Конг гэх мэт) төстэй үйл ажиллагааг өөр нэрийн доор хөгжүүлж хэрэгжүүлж эхэлсээр байна.
Нээлттэй банк Монголд
Монгол Улсад Голомт банк нь 2020 онд Нээлттэй банкны үйлчилгээг эхлүүлсэнээ зарласан билээ. Тус банк нь шинэлэг дижитал үйлчилгээг нэвтрүүлэхэд анхаарч ажилладаг гэдгээрээ онцлогтой. Тэд 2019 онд Нээлттэй банкны судалгааг эхлүүлж, дараа жилээс туршилтын журмаар системийг хэрэглээнд нэвтрүүлсэн аж. Одоогоор Голомт банкны Нээлттэй банкны систем нь Shoppy, Banana Mall, UBcab, TapaTrip, АПУ, Veritech ERP, CU сүлжээ дэлгүүр, E-Mongolia зэрэгтэй хамтран ажиллаж байна. Голомт банкны Технологи, дижитал банк хариуцсан захирал М.Сайнбилэг дурдахдаа "Бид өөрсдийн бүтээсэн, илүү сайн шийдлүүдээ нэг нэгэнтэйгээ хуваалцсанаар дижитал шилжилтийг илүү эрчимжүүлэх болно” гэжээ. Хамгийн чухал нь аль ч тохиолдолд харилцагч хожиж, нийтээрээ зардал, цаг хугацаагаа хэмнэж байх ёстой." хэмээн ярилцлагадаа дурджээ. Мөн финтек чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй санхүүгийн компаниуд нээлтээй банкны системийг дэмжих талаар ч дурдсан байдаг.
Дүгнэлт
Технологи хурдацтай хөгжиж буй энэ үед нээлттэй банкны тогтолцоог нэвтрүүлэх харилцагчдад, банкнуудад болон үйлчилгээний байгууллагуудад аль алинд нь олон давуу талтай билээ. Гэвч Нээлттэй Банкны системийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд систем хөгжүүлэгч компаниуд тулгамдсан асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Финтекийн салбарын мэргэжилтнүүд санхүүгийн мэдээллээ саадгүй, найдвартай хуваалцаж болох системийг хэгжүүлэхээр хичээн ажиллаж байна.
Sources: Investopedia, Nordigen, Gocardless, Teknospire, The paypers, Unread